Дайныг эсэргүүцсэн ОХУ-ын иргэдийн жагсаалыг цэргийн хүчээр хэрхэн нухчин дарахыг харахдаа хэзээ ч хамаагүй төв талбай дээрээ жагсаад үзэл бодлоо илэрхийлэх боломжтой ардчилсан Монгол Улсад амьдарч байгаадаа талархаж байж билээ.

Хөл бөмбөгийн дэлхийн аваргыг үзэж суухдаа Катарын хөгжил цэцэглэлтийг шагшин бахадсан ч тэнд эмэгтэй хүн болж төрөөд гэрийн тэжээвэр амьтан гээд хүлээн зөвшөөрөгдчихөөгүй, ардчилсан Монгол Улсад амьдраад хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх яриад явж байгаадаа талархаж байв.

Нүүрсний хулгайчдыг ил болгож, алдагдсан боломжийг нь эргүүлэн авчрахыг шаардаж 3 дахь өдрөө жагсаж буй залуусын шаардлагыг Ерөнхий сайд нь хүлээн авснаа зарлаж, тэмцлээсээ ухрахгүй гэдгээ мэдэгдэж байгаа нь ч ардчиллын л буян. Ардчилал гэхээр Ардчилсан нам гэж ойлгоод байдаг нөхдөд хэлэхэд ардчилал бол юугаар ч сольшгүй эрх чөлөө юм шүү.

Харамсалтай нь жагсаалыг далимдуулан монголчуудын эрх чөлөөг хумихыг санаархагчдын далд шунал ил гарч, Ерөнхийлөгчийн засаглал ярьж, Засгийн газрыг огцруулах тухай дурьдаж эхэллээ. Бүхий л үйлдлээрээ эрх чөлөөг үгүйсгэж, коммунизмыг санагалзаж байдаг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сиймхийг ашиглахаар санаархаж буй бололтой юм.

Үүний цаана юу нуугдаж байна вэ, нүүрсний хулгай гэгчийг олон нийтэд ил болгосон Засгийн газрыг унагаж, асуудлыг нам дарах. Ах нарынхаа булхай луйврын идээ бээрийг шахах гэсэн 80-д оныхныг нухчин дарж, 50, 60, 70-д оныхны ноёрхыг эргэн сэргээх. 1 халтирсан газраа дахин халтирахгүйн тулд бүх асуудлыг хав даран, 1 хүний дохио зангаагаар бүгдийг хөдөлгөх үү.

Юун жагсаал цуглаан хийж, хүний эрх ярих!!!

Өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, журмын хүрээнд онц байдал зарлах эсэхийг УИХ-аар хэлэлцэж шийдвэр гаргадаг. Өөрөөр хэлбэл, олонхиороо гэсэн үг. Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол, юун олонхиороо асуудлаа хэлэлцэж шийдэх. Онц байдал зарлах эсэхийг 1 хүний сэлэм гялс хийгээд л шийдчихнэ.

Хулгай луйврын үүр болсон улстөрчид хөшигний цаана биш наана танц эргэж, дугарах гэсэн хэн нэгнийг зангах төдийд алга болгох биз. Цаашлаад та нарын үзэн ядаад байдаг инфлүүнсрүүд гээчид устан үгүй болж, цахим хаягуудыг чинь яахыгаа ч нэг мэдэх байлгүй дээ. Орчлонгоос тасарсан, орвонгоороо эргэсэн коммунист Монгол Улсын өртэй, өвчинтэй, гавтай, дөнгөтэй иргэд л бий болох байх даа. Дарга дээшээ, баатар доошоо цаашаа...

Би л хувьдаа, Ерөнхийлөгчийн хаанчлалгүй ардчилсан Монгол Улсад амьдрахыг хүсэж байна. Тиймээс, талбай руу гарч, жагсаж, үзэл бодлоо илэрхийлнэ.

Ерөнхийлөгчийн сэнтийд 6 жил залрах тийз авчихаад ханаж цадахгүй Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, парламентаас дахин 6 жил сонгогдохоор шунатлаж байгаа У.Хүрэлсүх Ардчилсан Монгол Улсад хаанчлал тогтоохоор зүтгэж,  Ерөнхийлөгчийн засаглалын тухай яриа гаргасан нь нийгмийг түймэрдэж, жагсаалын галыг өрдөв.