Хүүхдийн мөнгийг бодох аргачлалаас болж гарсан алдаанд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан уучлалт гуйлаа. Тэрбээр “Нийгмийн даатгалын ерөнхий газар, Авто тээврийн үндэсний газар, Үндэсний статестикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар гэсэн төрийн зургаан байгууллага мэдээллээ хоорондоо хангалттй солилцдоггүй, уялдаа холбоо муутай, мэдээллийн давхцал зэргээс хамаарч тус асуудал үүслээ. Иймд эдгээр алдаа дутагдлаас болж иргэдийг бухимдуулсандаа Монгол Улсын Засгийн газрын зүгээс хүлцэл өчиж байна. Өрхийн бүртгэл мэдээллийн санд гарсан алдаа нь нэгжийн бага түвшиндээ мэдээллээ нягталдаггүй, шилжилт хөдөлгөөний мэдээллийн зохих цаг хугацаанд нь хийдэггүй. Мэдээллийг цаг тухайд шинэчлээгүй гэдгийг анхааруулж байна. Тиймээс Монгол Улсын Газсгийн газар цаашид ийм алдаа, дутагдал гаргахгүй байх чиглэлд анхаарч ажиллах болно” гэсэн юм.

Бүртгэлтэй холбоотой анхан шатны нэгжийн хариуцлагагүй, уялдаа холбоогүй байдал, хүнд суртлыг иргэд шүүмжилж өнөөдрийг хүрсэн ч Засгийн газар өнөөдрийнх шиг анхааралдаа авч байсан удаагүй.

Харин хүүхдийн мөнгө бодох аргачлалын алдаанаас болж энэхүү асуудал эрх баригчдын хоолой дээр тээглэж, Засгийн газар хаана, хаанаа алдаа байгааг хүлээн зөвшөөрч, ард иргэдээсээ уучлалт гуйлаа. Асуудал дээр нь анхаарал хандуулж, бүртгэлтэй холбоотой ийм асуудал дахин давтагдахгүйг  ч амлалаа. Тиймээс уг үйлдлийг бүртгэл хариуцсан төрийн байгууллагуудын анхан болон дунд шатныхны үнэн төрхийг илчилж, үүрэг хариуцлагыг нь мэдрүүлэх цаг үеэ олсон оновчтой алдаа байсан гэж нэрийдэж байна.

Иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэж, ажил төрлийг нь цалгардуулдаг иймэрхүү алдаа заврхалууд технологийн шинэчлэлийн хүрээнд энэ мэт байдлаар илрэн, эрх баригчдын нүдэнд торсоор байвал төрийн алба төгөлдөршиж, иргэдийн бухимдал дуусгавар болно гэдэт итгэж байна.