Эстони улс 1.3 сая хүн амтай парламентын 101 гишүүнтэй, Норвеги 5.4 сая иргэнтэй парламентын 169 гишүүнтэй бол 5,9 сая хүнтэй Сингапур парламентдаа 104 гишүүн сонгдог гэвэл та итгэх үү.
Эстони улсад л гэхэд нэг гишүүн 13 орчим мянган хүнийг төлөөлж байхад Норвегид 31 мянган иргэнийг нэг гишүүн төлөөлж байна.
Гэтэл Монгол Улсад нэг гишүүн 50 орчим мянган иргэнийг төлөөлдөг. Энэ бол хүн амын тоог өөрсдийг нь төлөөлж хууль тогтоох байгууллагад сууж буй гишүүдийнх нь тоотой харьцуулсан төдий л үзүүлэлт.
Эндээс дээрх орнуудын иргэдийн төрд нөлөөлөх чадамж биднийхээс хоёр дахин их, орон нутгийн бодлого, төлөөлөл нь хууль тогтоох байгууллагад орхигддоггүй, хүчтэй парламенттай байдгийн нууц тодорхой харагдаж байгаа юм.
Тиймээс манай улсын хувьд хүн амынхаа тоотой уялдуулан парламентын гишүүдийнхээ тоог нэмэгдүүлэх шаардлага үүссэнийг үе үеийн гишүүд сануулж, хөндөж ирснийг энэ удаагийн парламент бодит болгохоор ажиллаж байгаа нь сайшаалтай.
Тухайлбал, 2008-2012 оны парламентад УИХ-ын гишүүн С.Батболд 108 гишүүнтэй, хоёр танхимтай парламенттай байх саналыг өргөн барьж байсан. Мөн 2012-2016 оны парламентад УИХ-ын Н.Батбаяр 99 гишүүнтэй байх санал, 2016-2020 оны парламентад Ерөнхийлөгч асан Х.Баттулга 108 гишүнийг холимог тогтолцоогоор сонгох саналуудыг гаргаж байсан ч дэмжигдээгүй байдаг.
Монгол Улс 1992 онд 2.2 сая хүн амтай байхдаа 76 гишүүнтэй байхыг Үндсэн хуульдаа хуульчилсан. Энэ нь үед нэг гишүүн 28 мянган иргэнийг төлөөлдөг байв.
Тиймээс одоо Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 152 гишүүний талыг нь мажоритар, талыг нь пропорциональ аргаар сонгох буюу сонгуулийн холимог тогтолцоог санал болгож байгаа билээ. Ингэснээр сонгогчдын санал гээгдэхгүй, төлөөлөх чадамж нь хоёр дахин нэмэгдэж, олон намын систем бий болж, урт хугацааны тогтвортой бодлоготой болж парламентын дархлаа сайжрах юм.
Манайх шиг хүн амтай хөгжингүй орнуудын жишгээр хөгжих эхлэлийг тавих уу, үгүй юу гэдэг том шалгуур энэ удаагийн парламентын өмнө тулж ирээд байна. Монгол Улс урагшлах уу, ухрах уу.
СЭТГЭГДЭЛ