Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай дайн зарлаж, 5 ш ажиллагаа эхлүүлсэн нь олон нийтийн талархлыг хүлээж, авлигачдын зүрхэнд шар ус хуруулж байгаа билээ.
Шүгэл, Шүүр, Шувуу, Шилэн, Шилжүүлэн авах гэсэн үндсэн таван хэсэгтэй авлигатай тэмцэх ажиллагаанууд эхнээсээ үр дүнгээ өгч, авлигачдын нуусан хөрөнгийг ил болгож, хулгайчдын хумсалсан мөнгийг улсын төсөвт төвлөрүүлж, оргон зайлсан этгээдүүдийг олон улсын цагдаагийнхантай хамтран ажилласны үр дүнд эх оронд нь авчирж, улсыг хохиролгүй болгож эхэллээ. Шилэн ажиллагааны хүрээнд л гэхэд мэдээлэл нь нууцын зэрэглэлд байдаг байсан сангуудын мэдээллийг ил болгож, бөмбөг тэслэв. Тухайлбал, Боловсролын зээлийн сангийн асуудлууд ил болж, 100 гаруй тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг улсын төсөвт төвлөрүүлсэн аж.
Авлига, албан тушаалтай холбоотой хэргүүдийг шүгэл үлээгчдийн тусламжтайгаар илрүүлэх боломжийг олгохын тулд шүгэл үлээгчдийг хамгаалах хуулийн төслийг ч батлав. Шүгэл үлээгчид хамгаалалттайгаа мэдэрч, томоохон авлига, албан тушаалын хэргүүдийг ил болгосоор байна. Энд тэндээс хурган дарга нарын хэдэн тэрбумаар тоологдох мөнгөнүүд олдох болсон нь ч үүнтэй холбоотой биз.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Засгийн газар 30 жилийн түүхэндээ анх удаа авлигатай хатуу тэмцэнэ гэсэн байр сууриа Засгийн газрын тогтоол болгож хэрэгжүүлэх гэж байна. Энэ ажилдаа олон нийтийг хамтдаа оролцохыг уриалж байна. Ард иргэдтэйгээ хамтран тэмцээд үр дүн гаргаад үзье гэж байгаа юм. Өмнө нь авлигатай тэмцэх тэмцэл тунхаг байдлаар явж ирсэн. Тиймээс үр дүн гараагүй. Авлигын тогтсон системийг нураахад тал талаасаа шахаад, илчлээд явахад болохгүй зүйл биш гэж харж байгаа. Түгжрэл, утаа буюу агаарын бохирдолтой тэмцэнэ гэдэг нэрийн цаана авлига байна. Нийгмийн хогийн ургамал болсон авлигыг дахин ургахгүй байх суурь нь авлигатай тэмцэх шилэн ажиллагаа юм. Ерөнхий сайдын хувьд авлигатай тэмцэхээс ухрахгүй, Засгийн газар чадах бүх зүйлээ хийх болно. Бид гайхамшиг бүтээх гээд байгаа юм биш. Энэ бол дэлхийн улс орнуудын хийгээд даван туулаад байгаа зүйл, тэдэн шиг л болох гээд байгаа юм" гэж байв.
Ард түмнийхээ тусламжтайгаар авлигын торыг таслах гэсэн хэсэг нь олон улстөрчдийн дургүйг хүргэж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг дарамтлах, шахах үйл ажиллагаанууд төрийн ордонд өрнөж байгаа бөгөөд эхлүүлсэн ажлыг нь нураахын тулд олон акциудыг улстөрчид эхлүүлээд байгаа аж. Авлигатай тэмцэх 5ш ажиллагаа бол одоогоор Засгийн газрын тогтоолын түвшинд хэрэгжиж байгаа. Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж, УИХ-г олон намын тогтолцоо бүхий төлөөллөөс бүрдүүлж чадвал авлигатай тэмцэх ажил хар аяндаа олон нийтийн хяналтад орж, улам хялбар болно.
Гэтэл энэ бүхнийг хүсэхгүй, ганц намын ноёрхлыг хэвээр нь хадгалж үлдэх сонирхолтой улстөрчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэх, гишүүдийн тоог нэмэгдүүлэхийн эсрэг иргэдийг турхирах гэх мэт ажлуудыг эрчимтэй хийж эхэлж.
Угтаа бол УИХ-ын гишүүдийн тоог нэмснээр ганц, хоёрхон намын цөөн хэдэн гишүүний үзэмжээр асуудлыг шийддэг байдлыг халж, авлигатай жинхэнэ утгаараа тэмцэх эхлэл бүрдэх учиртай.