Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан жил бүр зохион байгуулдаг “Манай хороо Миний гудамж” аяны хүрээнд Баянгол дүүргийн Засаг Даргын Тамгын Газраас ерөнхий боловсролын сургуулиудын 6-12 дугаар ангийн сурагчдын дунд "Тохилог Орчин-Бидний Ирээдүй" сэдэвт гар зургийн уралдааныг 2023 оны 08 дугаар сарын 1-ээс 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зарласан. Тус уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн нийт 23 сурагч бүтээлээ ирүүлсэн бөгөөд өнөөдөр (2023.10.16) уралдаанд оролцсон сурагчдыг дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ нар хүлээн авч уулзан, амжилт хүсэж баяр хүргэлээ. Мөн эхний гурван байрыг эзэлсэн сурагчдад өргөмжлөл мөнгөн шагналаар шагнасан бол уралдаанд идэвхтэй оролцсон бүх сурагчид гарын бэлэг гардууллаа. Энэ үеэр Баянгол дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн хүүхдүүдийн санал бодлыг сонсож, бяцхан уран бүтээлчдэдээ амжилт хүссэн бөгөөд “Цаашид дүүргийнхээ хүүхэд багачууд руу чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулж, хүүхдийн нүдээр дүүргийн хөгжил цэцэглэлт болоод дутагдалтай талуудыг харж засаж залруулах зэрэгт анхаарч ажиллах болно” гэсэн юм. Энэхүү уралдаан нь, Баянгол дүүргийн хөгжил дэвшилд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, өөрийн үзэл бодлоо бүтээлээрээ дамжуулан чөлөөтэй илэрхийлэхийг дэмжин, тэдний дотоод ертөнц хүсэл мөрөөдлийг нээн илрүүлэх, хүүхдэд ээлтэй цэвэр хоггүй аюулгүй орчныг бүрдүүлэх зорилготой бөгөөд уралдааны • I байрыг М.Баяр-Эрдэнэ, • II байрыг Ц.Мишээл, • III байрыг Б.Номин-Эрдэнэ тус тус эзэлсэн юм.