“Дулаан гар” ТББ-аас Баянгол дүүргийн зорилтот бүлгийн хоёр өрхийг сонгон, өргөө цагаан гэртэй болголоо. Тодруулбал Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар болон БНСУ-ын Улсан хот дахь “Дулаан гар” ТББ-ын хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Дулаан гар” ТББ-ын зочид төлөөлөгчид Баянгол дүүрэгт хүрэлцэн ирж, дүүргийн 16, 22 дугаар хорооны нийгмийн тусламж дэмжлэг нэн шаардлагатай 2 өрхөд өргөө цагаан гэр хүлээлгэн өглөө. Энэ үеэр Баянгол дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа нар 16, 22 дугаар хороодын Засаг даргын ажлын албад хүрэлцэн ирсэн юм. Мөн дашрамд дурдахад тухайн байгууллага нь нийгмийн дэмжлэг нэн шаардлагатай айл өрхийг өөрсдөө сонгон авч, гэр олгох болон бусад олон талт хүмүүнлэгийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг байна. Энэхүү нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын үйл ажиллагаанд гар бие оролцож хамтран ажилласан “Дулаан гар” ОУХТ-ийн хамт олон, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн 16, 22 дугаар хороодын ажлын албаны хамт олонд талархал илэрхийлье.