Дүнжингарав захын 4 замын уулзварт өчигдөр  60 тонн газ тээвэрлэж явсан том оврын автомашин зам тээврийн осолд өртөж, дэлбэрэн онцгой нөхцөл байдал үүсээд байгаа. Газ тээвэрлэж явсан автомашин  “Дашваанжил” ХХК-ийнх байсныг эх сурвалжууд мэдээлсэн.

Энэ асуудлын талаар “Дашваанжил” ХХК-ийн захирал Н.Баатаржав “Өчигдөр манай компанийн машиныг барьж явсан жолооч осол гаргасан. Газ тээвэрлэж явсан автомашин өчигдрийн осол болдог замаар явах зөвшөөрөлтэй байсан. Хотын даргын зөвшөөрлийн дагуу замын хөдөлгөөн сийрсэн үед хот дотор газ тээвэрлэх боломжтой байдаг. Өчигдрийн тохиолдолд манай жолооч гэнэтийн зам тээврийн осолд өртөж, олон хүний амь эрсэдлээ. Жолоочтойгоо уулзаагүй учир биеийн байдал нь ямар байгаа талаар хэлж мэдэхгүй байна. Баазын даргатай ярихад цагдаад мэдүүлэг өгч байгаа гэж байсан. Би осол гарсан газартай танилцаж байна. Хариуцлагагүй байдал байгалийн гамшгаас илүү аюултай гэдгийг энэ удаагийн осол харууллаа. Манай машины хажуу талаас мөргөсөн жолоочийг гэнэт зогсож, осол гаргана гэж хэн мэдэх билээ.Тиймээс иргэн бүр хариуцлагатай, анхааралтай байх нь чухал байна. Үүнд хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Жолооч нар хоёулаа хариуцлагатай байх ёстой байсан. Манай компанийнхан стандартын дагуу тээвэрлэлтийн ажлаа хийж байсан боловч гэнэтийн осолд өртлөө” гэсэн тодруулгыг хэвлэлийнхэнд өгсөн юм.