Цахим шилжилтийг эрчимжүүлэх үүрэг бүхий  Ажлын хэсгээс үндэсний хэмжээнд өрнүүлж буй “Цахим шилжилтийн өдөрлөг”  Увс аймагт болж байна. ЦХХХЯ-наас дээрх  Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх үүднээс бүсчилсэн хэлбэрээр улсын хэмжээнд дээрх өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм.  ЦХХХЯ-наас “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг баталсан бөгөөд аймаг орон нутагт   цахим бэлэн байдлын үнэлгээг хийсэн байна. Энэ үзүүлэлтээр Увс аймаг цахимд шилжилтийн бэлэн байдлын үнэлгээгээр улсын хэмжээнд хоёрдугаарт  эрэмбэлэгджээ.  Ингэснээр тус аймаг цахимжилтын үнэлгээгээр 21 аймгаас тэргүүлсэн үзүүлэлттэй байна.  Увс аймгийн хувьд 85 мянган хүн амтай бөгөөд 19 сум, 92 багтайгаас 69 баг 3G, 20 баг 4G сүлжээнд холбогдсон байна. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И монгол”-д 51 үйлчилгээг холбоод байгаа бол төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг аймгийн хэмжээнд гурвыг байршүуулжээ.  Харин аймгийн төвийн хэмжээнд 38 мянган иргэн буюу 88 хувь нь тоон гарын үсэгтэй болоод байгаа аж. Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний  чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд өрнүүлж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” -ийг 21 аймагт үе шаттайгаар зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байгаа юм.  Өнгөрсөн өдрүүдэд говийн болон хангайн бүсийн долоон аймагт ажилласан бол  баруун бүсийн өдөрлөгийг Говь-Алтай аймгаас эхлүүлсэн.  Баруун бүсийн өдөрлөг Завхан аймгаар өндөрлөнө. Өдөрлөгийн хүрээнд “Цахим үндэстэн” болох уриалга орон нутагт, газар дээрээ  ямар байгааг үнэлж дүгнэхийн зэрэгцээ яам болон холбогдох  мэргэжилтнүүдийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэх,  цахим  хэрэглээнд  хэвшүүлэх үндсэн зорилготой. Түүнчлэн ЦХХХЯ-наас гаргасан  “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах,  төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, мэдээллийн технологийн программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах   зэрэг олон талт арга хэмжээ болж байна.   Энэхүү өдөрлөгийг ЦХХХЯ-ны харьяа болон  салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 20 гаруй төрийн болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагын идэвх санаачилга, оролцоотойгоор хамтран зохион байгуулж байгаа юм.