Монголын төрд  хууль, хүн хоёрын аль нь засаглаж байна вэ Ерөнхий сайд аа. Л.Оюун-Эрдэнэ та Ерөнхий сайдад нэр дэвших үедээ хүн биш, хууль засагладаг төртэй байх ёстой хэмээн ам гарч байсан удаатай. Үүнийг нэхэн сануулъя.

Танай Засгийн газар 16 яамтайгаас долоо нь Төрийн нарийн бичгийн даргагүй байна. Энэ нь сайд нарт чинь төрийн албыг улс төрийн ашиг сонирхлоор удирдах бүрэн эрх олгон дархлааг нь үгүй хийхэд хүргэлээ.

Яамны эрхзүйн байдлын тухай хуульд “Яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мөн” гэжээ.

Яамны Төрийн нарийн бичгийн дарга бол тэргүүн түшмэл бөгөөд төрийн захиргааны хамгийн өндөр албан тушаал.

Өөрөөр хэлбэл төрийн захиргааны төв байгууллагад ажиллаж буй жинхэнэ албан хаагчдыг улс төрөөс хараат бус байлгаж, томилж, чөлөөлөх эрхтэй, төрийн дархлааг дэмжигч гэж хэлж болно.   

Харамсалтай нь саяын ярианаас сайд нар төрийн албыг, төрийн жинхэнэ албан хаагчдыг бодит байдал дээр хэрхэн үнэлдэг нь харагдаж байна.

Төлөвшсөн төр тогтвортой аппрат дээр тогтдог болохоос дөрвөн жил тутамд солигддог улстөрчдийн сэтгэлийн хөөрөл дээр тогтддоггүйг анхааруулъя!!!

Ковидын цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүчинтэй хугацаа дуусахад нэр бүхий зургаан яамны Төрийн нарийн бичгийн дарга, 11 агентлагын даргыг нэгдүгээр сард ажлаас нь чөлөөлсөн.

Төрийн албаны тухай хуулиар эдгээр чөлөөлөгдсөн дарга нарыг сонгох шалгаруулалтыг нэг сарын дотор зарлах учиртай.

Гэтэл гурван сар өнгөрчихөөд байхад Засгийн газар үүргээ биелүүлэхгүй, шахаж ажиллах ёстой Төрийн албаны зөвлөл нь таг дуугүй суусаар өнөөдөртэй золголоо.

Төрийн албаны тухай хуулийн ерөнхий болон тусгай шаардлагад нийцүүлэн ажлын байрных нь тодорхойлолтыг гаргаж, Төрийн албаны зөвлөлд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах захиалга өгч, хуулиа биелүүлж, төрийн дархлааг дэмжиж ажиллан уу, Ерөнхий сайд аа!!!