УИХ-д дор хаяж таван намын төлөөлөл сонгогдож, нэг намын ноёрхол үгүй болох нөхцөл бүрдэнэ. Ингэснээр ард түмний төрд тавих хяналт нэмэгдэж, төлөөллөөрөө дамжуулан төр барина гэдгийг дээр дооргүй л хэлэлцэж, ярилцаж байна.

Харин иргэдийн зүгээс тоонд бус чанарт анхаарах ёстойг анхааруулснаар намуудын тохиролцоо хүчингүй болох уу, Үндсэн хуулийг өөрчлөх асуудал ажил хэрэг болох уу гэдэг асуулт тулгарсан.

Иргэдэд мэдээлэл өгөх үүрэг даалгаврыг авч, УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллан сонгогчдодоо энэ талаар мэдээлэл өгч, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар энэ асуудлыг шийдэхээс өөр аргагүйг учирлаж байгаа билээ.

Олон намын төлөөлөл бүхий олон ургальч үзэлтэй УИХ-тай болсноор өнгөрсөн 30 жилд ямар ч хараа хяналтгүй хоёрхон намын гарын салаагаар урссан төсвийн үргүй зардал, хулгай луйвруудыг үгүй хийх боломжтой болно. УИХ-д иргэдийн төлөөллийн чадамж нэмэгдэж, ирцийн 50 хувь нэмэх нь нэг гэдэг зарчмаар хуулийг 39 гишүүн баталдаг асуудал үгүй болж дор хаяж 64 гишүүн асуудлыг шийднэ. Өөрөөр хэлбэл, 64 гишүүний ирцтэйгээр чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, нэг гишүүн олон байнгын хороонд харьяалагддаг асуудал үгүй болох юм. Ер нь бол цөөн гишүүдийг худалдаж авахад амар байдаг бол олон гишүүнтэй болсноор амар лоббид автах боломжгүй болно.

Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлтийг хийж чадвал араас нь Сонгуулийн тухай хууль, Намуудын тухай хуульд өөрчлөлт оруулж, бүх асуудлыг олон нийтэд ил, шилэн болгох ажлыг хийх зорилтыг энэ удаагийн УИХ дэвшүүлсэн.

Иргэдэд асуудлыг ойлгуулж, өөрчлөлт хийж чадах уу, үгүй юу гэдэг томоохон сорилттой тулгараад байгаа УИХ-ыг шинэчлэлтийг хийх ёстой гэсэн байр суурийг судлаачид илэрхийлж байгаа юм.